Хонины сүүлний өөх хүүхэддээ хөхүүлдэг гэдгийг мэдэхгүй Монгол ээж байхгүй болов уу...
Харин яг ямар АШИГ ТУС-тай талаар хэр мэдээлэлтэй байдаг бол?
Миний хувьд хүүгээ нэмэгдэл хоолонд оруулахтай зэрэгцээд хонины сүүлний өөх хөхүүлдэг байсан. Ингээд удалгүй махны шөл амсуулж хоолонд орж эхэлсэндээ.
Эхлээд бодохдоо яаж тэр түүхий шахуу нялцгай өөхийг хүүхэддээ хөхүүлдэг юм гэж бодож байсан ч олон тайлбар, шинжлэх ухааны мэдээлэл, зөвлөмжийг уншаад хүүдээ хөхүүлэхээр шийдсэн юм.
Нялх хүүхдүүдэд хонины сүүл хөхүүлэх нь өлчир чийрэг, эрүүл саруул өсөн торниход тустай хэмээдэг. Тэгвэл хонины сүүлний ач холбогдлыг шинжлэх ухааны үүднээс судлахад :
Хоол зүйч эмч Д.Дэлгэрмаагийн хэлснээр хонины сүүлний бүдэрхийнээс дээш дөрвөн хуруу орчим, өндөр нягтаршилтай хэсэг нь хэт ханаагүй тосны хүчил агуулсан байдаг ажээ. Хэт ханаагүй тос нь хүний биед маш сайн шингэдэг.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эм зүйч З.Хулангийн хийсэн шинжилгээгээр хонины сүүлний тосноос ханаагүй тосыг ялган авахад гарц нь 63 хувьтай байсан байна.
Тэгвэл тос гэдэг нь хүүхдийн биед илчлэгийн эх булаг болдог. 1г тос 9.3 ккал илчлэг ялгаруулдаг нь уураг, нүүрс усныхаас 2 дахин их юм. Тос уурагтай адил эд эсийг бий болгох, нөхөх материал болдог. Тос нь амьдралын чухал үйл ажиллагаанд, бодисын солилцоонд оролцохоос гадна зүрх судасны, төв мэдрэлийн, хоол боловсруулах зэрэг үйл ажиллагаанд оролцож халдварын эсрэг дархлаа тогтоход нөлөөлдөг.
Тос дутахад хүүхдийн өсөлт хөгжил хоцорч, биеийн эсэргүүцэл суларснаас янз бүрийн өвчинд, ялангуяа арьс салстын өвчинд өртдөг. Тиймээс тархины тэжээл гэгдэх хонины сүүлийг хөхүүлэх нь зөв гэж үзэж байгаа юм.
ХОНИНЫ СҮҮЛИЙГ ХҮҮХДЭД ХЭЗЭЭ ХӨХҮҮЛЭХ ВЭ?
Ээжүүдийн яриаг сонсоход хүүхдээ 4-6 сартайд нь хонины сүүл хөхүүлсэн гэдэг. Харин хүүхдийн эмч, доктор Т.Навчаа 6 сараас дээш хүүхдэд хонины сүүл хөхүүлэхийг зөвлөсөн байсан. Эхийн сүү хүүхдэд шаардлагатай ханаагүй тосоор баялаг байдаг учраас 6 сараас 2 нас хүртэл хонины сүүл хөхүүлэх нь зөв гэсэн юм.
(Би ч мөн адил хүүгээ 6 сар 14 хоногтой байхад нь хонины сүүл хөхүүлсэн)
ХОНИНЫ СҮҮЛНИЙ АЛЬ ХЭСГИЙГ ХҮҮХДЭД ХӨХҮҮЛЭХ ВЭ?
Дээр бичсэнчлэн, хонины сүүлний бүдэрхийнээс дээш 4 хуруу буюу сүүлний год гэгдэх үзүүрийн хэсгийн өөхийг хөхүүлнэ.
ХЭРХЭН БЭЛТГЭЖ ХҮҮХЭДДЭЭ ХӨХҮҮЛЭХ ВЭ?
Өөхний ширхэгийн дагуу босоогоор нь 2 хуруу зузаан, уртааш нь зүснэ. Буцалж буй халуун усанд 2 талаар нь дүрээд л авна. (Болгож болохгүй, ариутгалын маягаар буцалж буй халуун усанд дүрдэг.)
Мэдээж өдөржингөө хөхүүлэхгүй.
Эх сурвалж:
- Монгол нүүдэлчдийн тайлбар толь 2-р боть “Идээ ундааны тайлбар толь”
- “2 хүртэлх насны хүүхдийн хооллолт”
- Уламжлалтын их эмч Д.Ганхуягийн ярилцлага
- Зинт клиникийн их эмч, доктор Т.Навчаагийн ярилцлага, зөвлөмж
- Химийн хүрээлэнгийн доктор, ШУ-ын гавьяат зүтгэлтэн С.Шатар